Палеонтологийн музей

Палеонтологийн музей нь Монгол орноос олдсон ховор нандин палеонтологийн олдворууд дээр суурилан олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэй, цэгцтэй ойлголт өгөх зорилготой музей юм. Тус музейн үзмэрүүд нь тодорхой хэмжээнд өмнө нь судлагдсан, цаашид судалгааны шинэ аргачлалаар үргэлжлүүлэн судлагдах, дэлхийн зэрэглэлд багтдаг онцгой олдворууд байдаг.

Монгол улсад 1960-аад оны эхээр ШУА байгуулагдсан үеэс палеонтологийн эрдэм шинжилгээний үндэсний байгууллагыг бий болгож, монголын судлаачид өөрсдөө өөрийн нутаг дээрх эртний амьтан ургамлын ховор олдворыг эрж, хайж, олж, илрүүлэн, олдвор цуглуулгын сан хөмрөгийг бүрдүүлж, судлан шинжилж, дэлхийд таниулах ажлыг хийсний дүнд манай улс палеонтологийн ялангуяа үлэг гүрвэлийн олдвор цуглуулга, түүний судалгааны үр дүнгээр дэлхийд тэргүүлэх орны нэг болсон. 

   Эртний амьтан ургамлын ховор цуглуулгыг бүрдүүлсэн цөөн хэдэн орны хувьд түүнийгээ дэлхий нийтэд таниулах үүргийнхээ дагуу Монголын палеонтологичид "Монголын үлэг гүрвэл, тэдгээрийн орчин" үзэсгэлэнг дэлхийн 20 гаруй улсын 80 гаруй хотод амжилттай гарган үзүүлж, түүгээр дамжуулан Монгол орноо сурталчилж ирэв. Үүний үр дүнд Монголын палеонтологи дэлхийд танигдаж, шинжлэх ухааны шинэлэг салбарыг хөгжүүлж чадсан цөөн орны нэгд манай улс орж чадсан нь монголчууд бидний бахархал юм.

   ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын олон жилийн туршид Европ болон Ази тивд Монгол орныг сурталчилж байсан болон сүүлийн жилүүдэд Монгол орноос нээн олж, судлан шинэжилж, хосгүй гэдгийг нь тогтоон баталгаажуулсан үлэг гүрвэлийн олдвор, цуглуулгаас бүрдсэн сор үзмэр бүхий үзэсгэлэнг өөрийн орны иргэд, хүүхэд залуучуудад болон Монголд ирэх гадаадын жуулчин, зочдод анх удаа "Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг" сэдвээр "Хүннү Молл"-д байрлуулан танилцуулж байна. 2017 онд бид шинээр, эртний хөхтөн тэдгээрийн тархалтыг харуулсан "Бурхантын хөндий 30,000 жилийн өмнө" сэдэвт музейг орон нутгаар аялуулан гаргаж эхэллээ. Энэхүү музейн эхлэлийг Дархан-Уул аймагт гаргаж эхлээд байгаа билээ.