Инноваци

 

Монгол Улс үлэг гүрвэлийн судалгаа, олдворын цуглуулгаар олон улсын түвшинд хүрсэн давуу талдаа түшиглэж, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах үзмэрийн тоо төрлийг олшруулан, тэдгээрийн чанар чансааг дээшлүүлж, музейн үзмэрийн хувьд олон улсын түвшинд шинэчлэл хийсэн алхам болох нь зайлшгүй. Палеонтологийн судалгаа хөгжихийн хирээр судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх танин мэдэхүйн газруудыг өөрийн оронд болон гадаадад олноор байгуулах шаардлага зүй ёсоор гарч байна. Энэхүү зорилгыг биелүүлэхэд цөөн тоогоор олддог, цаашдын судалгааны жишиг (эталон) болох учиртай палеонтологийн ховор олдворуудыг музейн үзмэр болгон үзүүлэх боломжгүй байдаг тул орчин үеийн өндөр технологоор эх материалаас хэв авч хувилж олшруулан, жинхэнэ олдвороос ялгахын аргагүй хуулбар загварыг хийж, музейн үзмэр, танин мэдэхүйн сургалт, сурталчилгаа зэрэгт ашиглах практик дэлхийн дахинд нэврээд байгаа билээ.

 

Манай байгууллага Шинжлэх Ухаан, Технологийн Сангийн санхүүжилтээр эртний амьтдын ховор олдворуудаас хэв авах тусгай лабораторийг байгууллаа. Өнөөдрийн байдлаар бид дээд Цэрдийн үеийн эвэрт үлэг гүрвэлийн толгойн ясны хэвийг аваад байна. Цаашид манай орноос олдсон ховор махчин үлэг гүрвэлүүдийн олдворуудаас хэв авахаар бэлтгэл ажлаа базааж байна.